Монгол, Австралийн оюутнуудад брэнд дизайны энтрепренер ур чадвар дээшлүүлэх хамтарсан воркшоп зохион байгуулав.
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимээс “Брэнд дизайн I” хичээлийн хүрээнд Монгол, Австралийн оюутнуудын энтрепренер ур чадвар дээшлүүлэх, хамтарсан соёл хоорондын воркшопыг 2026 оны 11 дүгээр сарын 6, 13, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Воркшопыг Австралийн Квинсландын Төв Их Сургуулийн (Central Queensland University, CQU) Боловсрол, урлагийн сургуулийн Бүтээлч медиа чиглэлийн ахлах багш, доктор Эндрю Жеймс Каузенс (Dr. Andrew James Couzens)-тай хамтран хэрэгжүүлж, ШУТИС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш, доктор Г.Нямсүрэн удирдан зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн График дизайны хөтөлбөрийн III курсийн оюутнууд болон Австралийн Квинсландын Төв Их Сургуулийн, Анимейшн, видео үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг Эмили Даунс (Emily Downs), Элла Райан (Ella Ryan), Тжнара Стаффорд (Tjnara Stafford) нар оролцлоо.

Воркшопын хүрээнд Монголын уламжлалт соёлын бүтээгдэхүүнийг Австралийн зах зээлд таниулах, брэнд хөгжүүлэх практик төсөл хэрэгжүүлэв. Монгол, Австралийн оюутнууд холимог баг болон ажиллаж, Монголын соёлыг илэрхийлэхийн зэрэгцээ Австралийн хэрэглэгчдийн сонирхол, хэрэгцээнд нийцэх боломжтой бүтээгдэхүүнийг сонгон, брэндийн концепц болон нийгмийн сүлжээний маркетингийн стратеги боловсрууллаа.

Төслийн явцад Монгол оюутнууд үндэсний уламжлал, соёлын онцлог, бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ хуваалцсан бол Австралийн оюутнууд Австралийн зах зээл, хэрэглэгчдийн сонирхол, хандлагын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Ийнхүү оюутнууд соёлын ялгаатай байдлыг харгалзан үндэсний соёлын үнэт зүйлсийг брэндийн үзэл баримтлал, дүрслэлийн шийдэл болон маркетингийн харилцаанд хэрхэн тусгах талаар хамтран судалж, бүтээлч шийдлүүдийг боловсрууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь оюутнуудад брэнд дизайны онол, мэдлэгээ олон улсын орчинд хэрэгжүүлэх, брэндийн стратеги, брэндийн түүх өгүүлэмж (Brand Storytelling), дижитал маркетингийн талаар практик туршлага хуримтлуулахын зэрэгцээ өөр өөр мэргэжлийн чиглэл, соёлын орчинд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэв.

Тус воркшоп нь олон улсын академик хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын соёл хоорондын ойлголцол, салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, үндэсний соёлын онцлогийг дизайн, брэндээр дамжуулан олон улсын зах зээлд таниулахад чиглэсэн сургалтын ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.