ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
Nyamaa-Odser

Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ KA171-HED төслийн хүрээнд хэрэгжсэн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Интерьер дизайны хөтөлбөрийн 3-р курсын оюутан Б.Урангоо, Үйлдвэрлэлийн дизайны хөтөлбөрийн 4-р курсын оюутан Л.Хишигнэмэх бид Словени Улсын Сежана хот дахь Šolski center Srečka Kosovela Sežana болон Higher Vocational College in Sežana сургуулиудад 3 сарын хугацаанд суралцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулахын зэрэгцээ олон улсын орчинд суралцах үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.

Энэ хугацаанд бид сургалтын орчин, арга зүй, практикт суурилсан боловсролын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулсан үр бүтээлтэй хугацааг өнгөрүүлсэн юм.

Суралцах хугацаанд материалтай шууд харьцах, туршилт хийх, бүтээлч санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломж бүхий орчинд ажилласан нь бидэнд онцгой үнэ цэнтэй туршлага болж байв. Тус сургуулийн техник, технологийн хангамж сайтар бүрдсэн, практик сургалтыг дэмжсэн лаборатори орчин нь гардан ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Мөн сургалтын үйл ажиллагаа нь воркшоп, туршилт, төслийн ажилд суурилан зохион байгуулагддаг нь бодит туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа гүнзгийрүүлэх боломжийг олгосон. Ийм сургалтын орчинд суралцсан нь зөвхөн мэргэжлийн чадвараа хөгжүүлэхээс гадна дизайныг илүү өргөн хүрээнд, олон улсын түвшинд ойлгоход эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэж байна.

Шинэ соёл, шинэ орчинд суралцах энэхүү туршлага нь бидний сэтгэлгээний цар хүрээг тэлж, цаашдын суралцах, хөгжих зорилгод үнэтэй хувь нэмэр оруулсан чухал туршлага боллоо.

Энэхүү боломжийг бидэнд олгож, олон улсын орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлсэн ШУТИС болон хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлье. Энэхүү хөтөлбөр нь бидний хувьд мэдлэг, туршлага, урам зориг өгсөн үнэ цэнтэй алхам байлаа.