Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Nyamaa-Odser

ШУТИС-ийн LEATHUB төв, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Хэнтий Политехник коллеж, Өмнөговь Политехник коллежийн хамтарсан Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)”  төслийн хаалтын хурлыг 2026 оны 7 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Төслийн хаалтын хуралд Грек Улсын Патрасын Их Сургууль, Итали Улсын Палермогийн Их Сургууль, Испани Улсын Кадисын Их Сургууль болон Европын Холбооны хамтрагч байгууллагын удирдлага, профессор, багш нараас бүрдсэн нийт 9 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцов.

Монголын талаас ШУТИС-ийн ХХҮДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Солонго, ХЭМҮТ-ийн албаны дарга А.Цэнгэлмаа, мөн хамтран хэрэгжүүлэгч сургуулиудын эрдэмтэн багш, ажилтан, оюутан, залуусын төлөөлөл болох нийт 90 гаруй хүн уригдан оролцов.

Хурлыг нээж ШУТИС-ийн ХХҮДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Солонго, Грек Улсын Патрасын Их Сургуулийн профессор А.Вантаракис нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.

Тус хурал нь хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шатанд хамтрагч орнуудын их, дээд сургуулийн профессор, багш нар болон төслийн удирдагчид төслийн хэрэгжилтийн тойм, явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Дараагийн үе шатанд хамтрагч сургуулиудын оюутнуудын шилдэг таван илтгэлийг шалгаруулан “Оюутны эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулсан бөгөөд тус хуралд Хэнтий Политехник коллежийн оюутан Б.Баяржаргал тэргүүн байр эзэлж, батламж болон мөнгөн шагналаар шагнагдав.

Энэхүү хуралд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:

  • “Artificial Intelligence-Based Occupational Safety Detection System” сэдэвт илтгэлээр МУИС-ийн ББС-ийн 3 дугаар курсын оюутан Ганцоож;
  • “Enhancing Competency in Selecting Foot Protection Equipment” сэдэвт илтгэлээр ӨПК-ийн 2 дугаар курсын оюутан Х.Даландулам;
  • “Psychology and Human Factors” сэдэвт илтгэлээр ХПК-ийн оюутан Б.Баяржаргал;
  • “Research on Producing New Material Using Decayed Larix sibirica with Occupational Safety and Hygiene Requirements” сэдэвт илтгэлээр ШУТИС-ийн ХХҮДС-ийн магистрант С.Одбаяр;
  • “A Study on the Microclimate of the Light Industry” сэдэвт илтгэлээр ШУТИС-ийн ХХҮДС-ийн магистрант Д.Пүрэвсүрэн.

Төслийн хаалтын хурлын талаарх мэдээллийг Eagle телевиз олон нийтэд мэдээлэн, сурвалжилж ажиллав.