Энэхүү танилцах аялалын зорилго нь профессор, багш, ажилчдыг хүнсний үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаатай танилцуулах, үйлдвэрлэлийн технологийн шат дамжлага, чанар, аюулгүй байдлын менежмент, шинэ техник, тоног төхөөрөмжийн хэрэглээг судлах, улмаар сургалт, судалгааны ажлын уялдааг сайжруулахад оршино.
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мах импекс ХХК-ийн үйлдвэрт зочлон, мах боловсруулах үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага, түүхий эд хүлээн авах, хадгалалт, боловсруулах технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, чанарын хяналтын тогтолцоотой дэлгэрэнгүй танилцав. Түүнчлэн HACCP тогтолцооны хэрэгжилт, дотоод хяналтын зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, орчин үеийн технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авлаа.
Мах импекс ХХК нь 1946 онд байгуулагдсан бөгөөд 2021 оноос эхлэн үйлдвэрийн бүрэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, дэлхийн мах боловсруулах үйлдвэрийн жишигт нийцсэн технологи, стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж буй туршлагатай үйлдвэрүүдийн нэг юм. Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэн ашиглалтад оруулсан нь үйлдвэрлэлийн үр ашиг, хүнсний аюулгүй байдлыг хангах чухал нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус үйлдвэрийн зүгээс цаашид манай сургуультай сургалт, дадлага, судалгааны чиглэлээр нягт хамтран ажиллах санал тавьсан нь их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна.


Үүний дараа Өв соёл ХХК-ийн шинэ үйлдвэрт зочилж, үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн шугам, бүтээгдэхүүний онцлог, автоматжуулалтын түвшин, чанар, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дэлгэрэнгүй танилцав.
Өв соёл ХХК нь талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус үйлдвэр нь Монгол Улсад бүрэн автоматжуулалтын орчин үеийн тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ажилтнуудад ээлтэй, таатай ажлын орчныг бүрдүүлсэн үйлдвэрүүдийн нэг болж чаджээ.
Шинэ үйлдвэрийн дэвшилтэт технологийн болон зохион байгуулалтын шийдлүүд нь сургалт, судалгааны ажлын хүрээнд оюутнуудад үйлдвэрлэлийн бодит жишээгээр танилцуулах, дадлага сургалтыг баяжуулах боломжийг нээж байна.


Хүнсний Инженерчлэлийн тэнхим, Багшийн хөгжлийн баг хамтран зохион байгуулсан энэхүү танилцах ажил нь профессор, багш, ажилчдын үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, сургалт-судалгааны ажлыг бодит үйлдвэрлэлтэй уялдуулахад чухал ач холбогдолтой байлаа. Цаашид ижил төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Багшийн хөгжлийн баг
2026.01.20
ШУТИС-ИЙН “28” ДАХЬ УДААГИЙН 2026 ОНЫ БАГШ, АЖИЛЧДЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ШУТИС, ХХҮДС-ийн профессор, багш, ажилчид “Мах импекс” ХХК болон “Өв соёл” ХХК үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС МИКРОБИОЛОГИ, БИОХИМИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЧИЛ ЕРТӨНЦИЙН НУУЦЫГ НЭЭГЧИД” ТЭМЦЭЭНД БИОТЕХНОЛОГИ, МИКРОБИОЛОГИ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Хүнс үйлдвэрлэлийн технологи, График дизайн хөтөлбөрүүд БМNҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүллээ.