БНХАУ-Тайланд-Монгол улсын их сургуулиудын хамтарсан “Хязгааргүй инновац - Урлагийн нэгдэл” дизайн урлагийн 3 дахь удаагийн үзэсгэлэн болон Өвөр Монголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн 2026 оны төгсөгчдийн үзэсгэлэн 2026 оны 5 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа. Тус хамтарсан үзэсгэлэнд Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын их сургуулийн Үйлс бүтээлийн дээд сургууль (Pioneer college), Тайланд улсын Шинаватра их сургуулийн (Shinawatra university) оюутны бүтээлүүд оролцлоо.
Хамтарсан үзэсгэлэнгийн нээлт, түүний хүрээнд зохион байгуулагдсан албан уулзалт, хамтын ажиллагааны бусад арга хэмжээнд Өвөр Монголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн ерөнхийлөгч Тиан Лицян, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Шинаватра их сургуулийн дэд ерөнхийлөгч Фуангфа Ампонстира нар оролцов.


Энэхүү уламжлалт үзэсгэлэн нь хиймэл оюун ухааны эрин үеийн урлаг дизайны инновацын хөгжлийн чиг хандлагыг харуулан, БНХАУ, Тайланд, Монгол улсын их сургуулиудын бүтээлч сэтгэлгээ, хамтын хүчийг нэгтгэж, урлагийг хамтын ажиллагааны холбох гүүр, бүтээлч байдлын хэрэгсэл болгон ашигласнаар соёл хоорондын болон салбар дундын урлаг, дизайны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тус 3 орны эдгээр их сургуулиудын хамтын ажиллагаа нь эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдмийн солилцоо, урлагийн бүтээл туурвих, багш оюутны айлчлал, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг чиглэлээр үр бүтээлтэй үр дүнд хүрч хөгжиж байгаа юм.
Хамтарсан үзэсгэлэнд Монгол улсын ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн дизайны чиглэлийн оюутнуудын 13 бүтээл оролцож, үүнээс 3 бүтээл энэхүү уралдааны шилдэг бүтээлийн шагналыг хүртлээ.





