ХХҮДС-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЛАА
Nyamaa-Odser

ХХҮДС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖЕР У.БАТЧУЛУУН, ЗАХИРЛЫН ТУСЛАХ Б.НАСАНЖАРГАЛ НАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЛАА.

✅“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэртэй танилцах, туршлага судлах” арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн төв захиргаа болон бүрэлдэхүүн сургуулиудын архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, чанарын менежмент, лаборатори, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нийт 46 мэргэжилтэн оролцов.

✅Танилцах арга хэмжээний үеэр оролцогчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей үзэж, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй олон улсын стандартууд, чанарын менежментийн тогтолцоо, хүний нөөцийн менежментийн сайн туршлага болон тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Химийн төв лаборатори, дата төв, төрөлжсөн архивын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцов.

✅Энэ үйл ажиллагааг нээж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн их сургууль олон жилийн хамтын ажиллагаатай. Манай үйлдвэрийн инженер, техникийн болон мэргэжлийн чадварлаг ажилтнуудын дийлэнх нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Өнөөдрийн уулзалтаар бид олон улсын стандартуудын хэрэгжилт, сайжруулалтын үр дүн болон цаашдын зорилтоо хуваалцаж байна” хэмээн онцоллоо.

✅Мөн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн стандарт, чанарын мэргэжилтэн М.Байгалмаа: “Бид ISO 9001 стандартын хэрэгжилтийн үе шат, өнөөгийн нөхцөл байдал, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлж буй болон цаашдын зорилтын талаар танилцууллаа. Стандарт хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа илүү системтэй, үр ашигтай болж, тасралтгүй сайжруулах соёл төлөвшиж байна” гэв.

✅Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хэрэгжилт, Кайзен 5S, сайн саналын уралдаан, чанарын дугуйлангийн үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

✅Энэхүү арга хэмжээ нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, чанарын менежмент болон хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр харилцан суралцах ач холбогдолтой боллоо.