Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Багшийн хөгжлийн багаас профессор багш, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сургалт судалгааны үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хиймэл оюуныг ашиглан сургалтын бүтээмжийг сайжруулах” сэдэвт сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн 1-р байрны 303 тоот лекцийн танхимд зохион байгууллаа.
Сургалтад ХХҮДС-ийн Захирлын зөвлөлийн гишүүд, Сургалтын алба, Санхүүгийн албаны ажилтнууд болон тэнхимүүдийн профессор багш нар (биотехнологи, шим судлалын тэнхим, Дизайны тэнхим, Хүнсний инженерчлэлийн тэнхим, Хөнгөн үйлдвэрлэлийн инженерчлэл, технологийн тэнхим) оролцож, нийт 53 профессор багш, ажилтан хамрагдлаа.
Сургалтын эхний хэсэгт “Хиймэл оюун ухааны үндэс ба өгөгдлийн шинжилгээ” сэдвээр хиймэл оюун ухааны ойлголт, машин сургалтын үндсэн зарчим, өгөгдлийн ач холбогдол, орчин үеийн AI технологийн хэрэглээний талаар танилцуулж, ChatGPT-ийн RAG ашиглалт, ML болон DL хэрэглээний практик жишээг танилцууллаа.
Хоёрдугаар хэсэгт “Хиймэл оюуныг сургалтанд ашиглах боломж” сэдвийн хүрээнд ChatGPT, Gemini, DeepSeek, Canva Magic Write, DALL·E, Tome AI зэрэг хиймэл оюуны хэрэгслүүдийг сургалт, судалгаанд ашиглах арга зүй, prompt боловсруулах бүтэц, AI ашиглан сургалтын хөтөлбөр болон агуулга боловсруулах боломжийг практик дадлагаар танилцууллаа. Мөн AI контент шалгах (GPTZero), plagiarism шалгах (Turnitin), ёс зүй болон мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Энэхүү сургалтаар оролцогчид хиймэл оюун ухаан болон Generative AI-ийн суурь ойлголттой болж, сургалтын үйл ажиллагаанд AI хэрэгслүүдийг ашиглан хичээлийн материал боловсруулах, сургалтын агуулгыг баяжуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх практик мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.
Сургалтанд оролцсон профессор багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.


ХХҮДС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ