ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

           Монгол улсын хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны салбарт дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн эрдэмтэн багш, оюутан, төгсөгч, ахмадууд  та бүхэнтэй мэндчилж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 11 бүрэлдэхүүн сургуулийн нэг болох Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль нь мэргэжлийн 4 салбар (тэнхим), судалгааны 4 төв, 100 гаруй багш, ажилтан, 22 мэргэжлээр 2164 оюутантайгаар бакалавр, магистр, докторын түвшний сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагаа явуулж байна.

         Монгол улсад 1960-аад оноос аж үйлдвэрийн шинэ салбар үүсэн байгуулагдаж инженер техникийн мэргэжилтний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсэний дүнд МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд Хөнгөн үйлдвэрийн механик инженерийг бэлтгэн эхэлснээр тус сургуулийн түүх эхлэлтэй. Улмаар 1971 онд МУИС-ийн Техникийн механикийн тэнхимд Хүнсний үйлдвэрийн механик, нийтийн хоолны технологи мэргэжлээр элсэлт авч эхэлсэн байна.  Мэргэжилтэн бэлтгэж ирсэн энэхүү хугацаанд Хөнгөн, хүнсний салбарын инженер техник, технологи, Биотехнологи, шим тэжээл судлал, Хүнсний инженерчлэл, Ойн модны үйлдвэрлэлийн техник, технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи, механик, Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Оёдлын үйлдвэрлэлийн технологи, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, Менежмент /хамтарсан/, Механик инженер /хамтарсан/, Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи /хамтарсан/, Хүнсний сүлжээний хөргөлтийн систем, Дизайны  чиглэлээр бакалаврын түвшинд 8573, магистр, докторын түвшинд 679 гаруй мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд манай төгсөгчид хилийн чанад, Монгол орны өнцөг булан бүрт үндэсний үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн олон салбарт ажиллан төрөлх сургуулийнхаа  нэр хүндийг өндөрт өргөж явна.

      Тус сургууль нь Монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болн хөгжиж байгаа бөгөөд сургалтын олон хэлбэр, сургалтын хөтөлбөр, мэргэжлийг сонгох уян хатан системтэй, онол-практикийн сургалтыг чанартай зохион байгуулах, сургалтын тэтгэлгийн олон хэлбэрийг ашиглах, хөгжингүй орнуудын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах зэрэг өргөн боломж, давуу талуудыг суралцагчдад олгодог юм.

        Боловсрол хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа үед сургалт, судалгааны шинэ арга зүй, технологи, боломж, шинэ хэлбэрээр сургалт, судалгааг зохион байгуулан, өөрчлөлт шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлж, өөрийн нөөц боломж, хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн тэргүүлэх лаборатори, тоног төхөөрөмжөөр сургалт, судалгааны материаллаг баазаа бэхжүүлж, оюутан суралцагчдын сурах орчин, багш судлаачын судалгааны нөхцлийг сайжруулж, эрдэм судлалын хөгжилд ахиц дэвшил гаргаж байна.

      Манай хамт олон та бүхэнтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулахад хэзээд бэлэн байгаа бөгөөд боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохоор бүх шатны сургалтанд элсэн орж суралцахад манай сургуулийн эрдмийн өргөө үргэлж нээлттэй байх болно.

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн эрдмийн хамт олноос Та бүхэнд ажлын их амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ХХҮДС-ийн захирал

НАДМИДЦЭДЭНГИЙН ГАНЗОРИГ

Доктор(Ph.D), Дэд профессор

 

 

 

MENU